Ховд аймагийн ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТYYХЧИЛСЭН ТАНИЛЦУУЛГА

            1921 онд ялсан Ардын хувьсгалаас өмнө тус аймагт бүртгэл Статистикийн ажил зохион байгуулалт, шинжлэх ухааны үндэстэй аргачлалгүй статистикийн биеэ даасан ямар нэг байгууллага байгаагүй боловч феодалын нийгмийн үйлдвэрлэлийн харилцаанаас үндэслэж хүн, малын баримжаа тооллого явуулах, феодалын алба гувчуур авах, худалдааны өр авлага албан татвар ноогдуулах зэрэгт данс бүртгэл тооцоог эрхлэн хөтөлдөг байв.
Тэр үед бүртгэл тооцооны боловсон хүчин байхгүй, бүртгэл хөтлөх тоо мэдээ авах ажлыг хошуу тамгын бичээч нар гүйцэтгэж уг тоо материал нь зөвхөн хар шар феодал ангийн эрх ашиг, тэдний хүрээнд үйлчилдгээс гадна нийгмийн дотор болж байсан эдийн засгийн зарим нэгдлүүдийг тэмдэглэж бүртгэх төдийгөөр хязгаарлагдаж байжээ.
Хувьсгалаас өмнөх Ховд хот баруун хязгаарын нэг томоохон төв байсан учир элдэв албан татвар, худалдаа наймаа ихэд дэлгэрч түүнтэй холбогдож худалдаа, арилжаа, цэргийн болон харуул өртөөний алба, албан татвар, хүү торгуулийн талаар данс бүртгэл нилээд нарийн байжээ.
Энэ ажлыг зарим ноёд феодалууд ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгон хэрэглэж нилээд дадлагжиж байсан байна. 1931 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгож байгуулсан байна. Тэр үед аймгийн захиргаа, нам, эвлэлийн хороо, YЭ-ийн товчоо, хүн, мал эмнэлэг, банк, утасны хороо, барилгын газар, сургууль соёлын газрууд байгуулагдаж байв.
Энэ үеэс эхлэн аймгийн эдийн засгийн зарим үзүүлэлтийн талаарх бүртгэл мэдээг гаргаж байлаа. 1940 оноос эхлэн хүн ам, мал сүргийн тооллогыг нэгдсэн журамтай явуулдаг болж эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг гаргадаг, аймгийн аж ахуй соёлын төлөвлөгөөний биелэлтүүдийг албан газар, өрх, хүн ам, ахуйн салбаруудаар нарийвчлан судалдаг боллоо. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1945 оны 5-р сарын 18-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор төлөвлөгөө статистикийн орон нутгийн байгууллага болох төлөвлөгөөний хэлтсүүдийг аймгуудад байгуулжээ.
Аймгийн төлөвлөгөөний хэлтэс 1945-1948 онуудад аймгийн бүх албан байгууллагуудын төлөвлөгөө статистикийн ажлыг давхар хариуцаж байв. БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1948 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар тогтоолоор аймгийн бага хурлын тэргүүлэгчдийн дэргэд аймгийн төлөвлөгөөний комиссыг байгуулжээ. Аймгийн төлөвлөгөөний комисс аймгийн эдийн засгийн хэтийн ба жилийн төлөвлөгөө зохиох түүний биелэлтэнд хяналт тавих бүхий л ажлыг эрхлэн явуулдаг байв.
Төлөвлөгөөний комиссын аппарат нь дарга орлогч 3-5 төлөвлөгч тоо бүртгэгчийн орон тоотойгоор ажиллаж байлаа. 1960 оны 4 дүгээрсарын 7-ны өдрийн МАХН-ын төв Хороо, Сайд нарын зөвлөлийн хавсарсан хурлаар “ БНМАУ-д тоо бүртгэлийн ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай “ асуудал хэлэлцэж чухал тогтоол гаргалаа. Уг тогтоолоор манай орны эдийн засгийн хөгжлийн шаардлага статистикийн төвлөрсөн аппаратыг бий болгох зэрэг нилээд арга хэмжээ авч улсын төлөвлөгөөний комиссын тоо бүртгэлийн газрыг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тоо бүртгэлийн Төв газар болгон 18 аймаг Улаанбаатар хотод тоо бүртгэлийн товчоо , сумдад тоо бүртгэлийн улсын байцаагчийг бий болголоо.
Сайд нарын зөвлөлийн 1964 оны III дүгээр тогтоолоор тоо бүртгэлийн төв орон нутгийн байгууллагуудын нэрийг өөрчилж статистикийн төв газар, аймаг хотын статистикийн товчоо болгон, сумын тоо бүртгэлийн улсын байцаагчийг сумын орлогч дарга болгон өөрчиллөө.
Нам засгаас статистик бүртгэлийг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, бүртгэлийн нүсэр ажиллагааг хөнгөвчлөх бүртгэлийг механикжуулах талаар авч буй удаа дараагийн арга хэмжээний үр дүнд орон нутгийн бүртгэл статистикийн ажил сайжирч, боловсон хүчин материаллаг баазын хувьд өсч бэхжсээр ирсэн байна.
Аймгийн статистикийн хэлтэс нь 1994 онд батлагдсан статистикийн тухай хуулийн дагуу бие даасан хэлтэс болон зохион байгуулагдаж,  дарга, эдийн засагч, эдийн засагч оператор гэсэн 3 орон тоотой ажиллаж байсан ба 1997 онд гарсан шинэчлэсэн Статистикийн тухай хуулийн 11-р зүйл, УИХ-ын 45-р тогтоолыг үндэслэн Аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болон хараат бус бие даасан агентлагын хэлбэрээр 4 орон тоотойгоор ажиллаж, YСГазраас батлагдсан заавар маягтаар макро эдийн засгийн Статистик мэдээ, хүн ам нийгмийн статистик мэдээ, үйлдвэр үйлчилгээний статистик мэдээ, статистикийн бусад мэдээ судалгаа гаргаж мэдээлэх, статистикийн түүвэр судалгаанууд явуулах ДНБүтээгдэхүүний тооцоо, мал аж ахуйн тооллого явуулах, дотоод мэдээ судалгаануудыг авч нэгтгэн сур, улирал, жилийн танилцуулга гарган, бүх мэдээ тайлан судалгаагаа YСГазарт хүргэж аймгийн ИТХурлын тэргүүлэгчид, Засаг дарга , түүний тамгын газар хэлтсүүд агентлагууд, иргэдийг мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

1960 онд тоо бүртгэлийн товчоо байгуулагдсанаас хойш ажилласан дарга нар


1. С.Бааст                   1960-1964
2. З.Ёншгой                1964-1971
3. А.Шайзан               1971-1989
4. Д.Төмөр-Очир       1989-1992
5. Б.Бадамцэцэг         1994-1997
6. Ш.Батхишиг           1997-1999
7. Ч.Баатар                 1999-2000
8. З.Мөнхжаргал        2000 –2004
9. Д.Даваасамбуу       2005 оноос